Мебелийг байнга, зөв арчилж байвал түүний эдэлгээний хугацааг уртасгаж, тасалгааг ямагт эмх цэгц, үзэмжтэй харагдуулна. Харин мебелийг халаагуурын систем, нарын илчийн нөлөөнөөс аль болох зайдуу байрлуулаагүй тохиолдолд тэрээр гажих, өнгө будаг нь гэмтэх тал гардаг.
Сууцны хэм +25С-аас ихгүй, агаарын харьцангуй чийглэг 50-60% аас хэтрэхгүй байвал зохино. Иймд амьдарч буй сууцны агаарыг ялангуяа дулааны улиралд чийглэж байх хэрэгтэй.
Мебелийн эдэлгээг уртасгахын тулд юуны урд зөв эдэлж хэрэглэхийг хүн бүхэн мэдэж байх шаардлагатай.
Аль нэг газар руу зөөн тээвэрлэхдээ агаарын тунадас чийглэгээс хамгаалахын тулд брезент, таар даавуугаар заавал бүтээх буюу бүхээгтэй машинаар зөөвөл зохино.
Мебелийн модыг байн байн цэвэрлэж байх нь хэрэгтэй боловч түүний будгаас шалтгаалан янз бүр байдгийг санах хэрэгтэй.
Ямар ч мебелийн модыг хуурай зөөлөн даавуугаар арчиж, хааяа найруулсан тосоор зүлгэнэ. Хүнд тавилгыг зөөхөд шалыг зурахгүй, мебель холторч гэмтэхээс сэргийлэхэд дараах аргуудын аль нэгийг хэрэглэж болно.
Түүхий төмсийг 3-4см зузаан дугуй хэрчиж (түүний хэмжээ, мебелийн суурь хөлийн хэмжээнээс 2 дахин их байхаар) тэдгээрийн дотор гүн биш хоног гаргаад мебелийн хөл дор байрлуулна.
Мөн хөлний дор сүүний цаасан уутыг дэвсэж болно. Хэрэв энэ бүхэн байхгүй бол томоохон бүтээлэг дор нь дэвсээд, тавилгаа татаж зөөгөөрэй.
Хүнд мебель эд хогшлыг байрнаас нь шилжүүлэхдээ хөл доор нь эсгий буюу ноосон даавууны өөдөс ивээд түлхэж болно.
Мебелийг ямар ч нөхцөлд байнга, зөв арчилж байвал, түүний эдэлгээний хугацааг уртасгаж тасалгааг ямагт эмх цэгцтэй үзэмжтэй харагдуулна.
Диван, сандал, креслийн тоосыг цэвэрлэхдээ гадаа гаргаж өөгүй нарийн модон саваагаар тоосыг нь гүвж дараа нь ширүүн үстэй сойзоор сойздоорой.
Мөн чийгтэй даавуу тавиад гүвж цэвэрлэж болдог.
Мебель, шүүгээ, ширээ, шургуулгын хаалга нүднүүд нь нээгдэх, хаагдахдаа хоорондоо шүргэн хавирвал тэр хэсэгт саван түрхвэл зүгээр болно.
Сервант буюу номын шүүгээний шил нь хоног, ховилоор чөлөөтэй гүйхгүй тал гардаг. Үүнийг арилгахын тулд ховилын ёроолыг вазелиндахад л хангалттай.
Мөн мебель зурагдахаас болгоомжилж хөвөн, зөөлөн даавуу, порлоноор жийрэглэх эсвэл юмаар ороож түүнийг мебелийн завсар хэсгээр холгохгүйгээр байрлуулна.
Матрац, мебелийн бүрээс, дэвсгэр зэрэг зөөлөн эдлэлийг тоос сорогчоор цэвэрлэнэ. Тоос сорогч үгүй бол чийгтэй алчуураар арчиж тоос бужигнахаас хамгаална.
Мөн мебель эдлэлийг халуун усаар угаах юм уу, нойтон алчуураар арчиж болохгүй, харин үстэй даавуу, цэмбэ мэтийн зөөлөн эдээр арчиж өнгөлнө.
Диван түшлэгтэй болон хагас зөөлөн сандлыг тоос, хиртэлтээс хамгаалахын тулд дээр нь зөөлөн хивс буюу гоёмсог бүтээлэг тавьж болно. Энэ зорилгоор зузаан эдээр зориуд оёсон бүтээлэг (уут хэлбэртэй) ашиглаж болно.
Диван, зөөлөвчит сандлыг амархан урагдах, хиртэхээс хамгаалахын тулд углах бүрээс хйигээд үе үе авч угааж, индүүдэж байвал тохиромжтой байдаг.
Хэрэв мебель эдлэл чинь хөнгөн зурагдаж гэмтсэн бол иодын сулхан уусмалаар арчихад мэдэгдэхгүй. Тэгэхдээ энэ аргыг голдуу дуб, агар зандан зэрэг хүрэн мебелүүдэд хэрэглэнэ.
Диваны хамба хилэн, чисчүү буюу өөр бүрээсийг бүлээн усанд норгож, сайн базсан савхинцраар цэвэрлэж тослог толбыг бензинээр арчаарай.
Ашиглах явцад мебель өнгөө алдаж зарим хэсгийн будаг ховхрох, хортон, толбо бусад согог үүсэж өөрийнхөө анхны байдлыг алдана. Ихэнх тохиолдолд тийм мебелийг шинэчлэн сэргээж болно.
Зөөлөн мебелийг дулааны улиралд гэрийн жижиг цагаан эрвээхэй идэж цоолох, утаснуудыг нь таслах зэргээр нүдэнд үл үзэгдэх нүх сүвүүд буй болгож амархан язарч урагдах аюулд хүргэдэг тул нафталин эсвэл тусгай ариутгагч нунтаг эмийн зүйлийг шингээн цацах, үе үе цэвэрлэж салхинд тавьж гүвэх хэрэгтэй.
Мөн эрвээхий идэж гэмтээсэн мебелийн бүрээсийг өөр материалаар бүрэх нь ашигтай.
Зөөлөн мебель диван, кресль, зөөлөвчтэй сандлуудыг мэрэгчдээс урьдчилан сэргийлэх нэг арга нь түүнд бүрээс өмсгөж байх, бүрээсээ тухай бүр угаан индүүдэж байх нь зүйтэй.
Нарийн хилэн буюу репс даавуугаар бүрсэн мебелийг бие угаагч резиныг бүлээн усанд дүрж сайн мушгисны дараа (тосон толбыг бензинээр арчина) арчина.
Зөөлөвчтэй мебелийн тоосыг хувцасны сойз буюу тоос сорогчоор байнга цэвэрлэх хэрэгтэй.
Зөөлөвчтэй мебелийн гоёмсог даавуун бүрээст үүсэн тосны толбыг цэвэр бензин, дөрвөн хлорт нүүрстөрөгч буюу тусгай толбо арилгагч мэтийг ялимгүй шингээсэн даавууны өөдсөөр арчиж арилгана.
Арьсан бүрээсийг гутлын өнгөгүй тосоор тогтмол тосолж байвал зохино. Хуванцар гадаргууг бүлээн усаар угааж, тосны толбыг бензин, нунтаг цэрдийн холимгоор арилгана.
Мебель байрлуулах шал тэгш байх нь чухал ач холбогдолтой. Хазгай шал дээр байрлуулснаас мебелийн хаалга, шургуулга хэв гажилтанд ордог.
Савхин бүрээсэнд хирний толбо үүссэн бол цагаан архи ба хоолны цуу хоёрыг адил хэмжээгээр найруулж, даавуунд шингээгээд, нийтэд нь арчин бүрээсийг хилэнгээр зүлгэж хуурай сойзоор сойздоно.
Ямар ч тохиолдолд маажиндаж, өнгөлсөн гадаргуугийн тоос, хирийг нойтон алчуур буюу усаар арилгаж болохгүй. Үүнээс болж мебелийн гадаад байдал өнгө алдах төдийгүй гадар өнгөлгөөний наамал нь ховхорч болно.
Маажиндсан ба өнгөлсөн мебелийн гадаргуугийн тоосыг зөөлөн, хуурай цэвэр үстэй даавууны өөдөс, цэмбэ буюу хамба хилэнгээр арчиж арилгах хэрэгтэй.
Өнгөлгөөний мебелийн тоосыг арилгахад хуурай, цэвэр үстэй даавуу, цэмбэ, нарийн эсгий, зөөлөн сойз, тоос сорогч зэргийг хэрэглэнэ.
Өнгөлсөн мебельд үүссэн толбыг пивоор арчаад хатаан лав түрхэж зөөлөн ноосон даавуугаар өнгөлнө.
Шороо тоос суусан, халтардаж бохирдсон лактай ба өнгөлсөн мебелийг халуун усаар угаах юм уу, нойтон алчуураар арчиж хэрхэвч болохгүй. Зөөлөн үстэй даавуу цэмбэ, ямаан хилэнгээр арчина.
Дуб тавилгад тосны толбо тогтсон байвал бүлээссэн пивоор арчина. Өнгө оруулахын тулд 1 шилэн аяга пивонд цайны халбагаар элсэн чихэр, бага зэргийн лав хийж буцалгана. Дараа нь бага зэрэг хөргөж, бүлээн болохоор нь тавилгынхаа гадаргууг арчиж хатсаны дараа ноосон алчуураар зүлгэж арчина.
Будагтай өнгөлсөн тавилга дээр халуун юм тавьснаас болж цагаан толбо үүсгэдэг. Энэ толбыг самрын тостой спирт түрхэж, цэвэр ноосон даавуугаар зүлгэн арилгана.
Наамал банзан мебелийн гадаргуу бага зэрэг хөндийрснийг (наамал банз ховхорсны улмаас) дараах маягаар засаж болно.
Хөндий дор цавуу хадгалагдаж үлдсэн бол хэдэн давхар цаас дээрээс нь тавьж тэр хэсгийг халуун индүүгээр индүүдэхэд цавуу нь хайлж наамал банзны ховхорсон давхарга сайн наалдана.
Багахан хэмжээтэй цавуун дуслыг хөндий рүү дээр нь сайн халаасан төмөр халбага тавьж болно. Хэрэв хөндий доор цавуу байхгүй бол модны ширхгийн дагуу жижиг нүх эсвэл огтлоос гаргаж бага шиг цавуу хийж индүүднэ.
Заримдаа хуулган тавилгад хийтэй жижиг бөмбөлөг гардаг. Хэрвээ үүний доор нь цавуу байвал цаас дэвсэн их халуун бус индүүгээр индүүдвэл наалдаж сууна.
Харин тэр бөмбөлгийн доор цавуу байхгүй бол ширхгийн дагуу завсраар нь цавуу хийгээд дээрх журмаар халуун юмаар дарах хэрэгтэй. Ингэхэд цайж байвал дээрх журмаар цайвар толбыг нь арилгах хэрэгтэй.
Лааны тос (воск), скипидар хоёрыг адил хэмжээгээр хайлуулсан тосыг мебель нь онц гялалзсан будаггүй бол модоо чийгтэй даавуугаар арчиж хирийг нь цэвэрлээд хаттал хуурай даавуугаар арчин найруулсан тосоор жигд түрхээд модоо гялалзуулахын тулд үстэй даавуу буюу хилэнгээр зүлгэнэ.
Гэрийн тавилга дээрх сэв зураас хортонг мэдэгдэхгүй болгохын тулд иодын сулавтар уусмалаар норгосон жижиг сойзоор хортонг үрэхэд дөнгөж ажиглагдахуйц болно. Энэ аргыг царс, самрын мод, улаан зандан тавилгад гол төлөв хэрэглэнэ.
Маш удсан мебель эдлэлийг дахин өнгөлөх хэрэгтэй болбол хуучин будаг, лакыг спиртээр арчиж бүрэн цэвэрлэсний дараа дахин будаж лактвал халтардаж муухай болохгүй, шинэ мэт болдог байна.
Хуучирч өнгө нь гандсан мебелийг өнгөлөхийн өмнө савантай усаар угааж хуурай болтол зөөлөн даавуугаар арчина.
Мебелийн лак будгийг гараар арилгадаггүй бөгөөд түүнийг арилгах хялбархан арга нь нэг архины шил 1/2 аммиак, 1%-д скипидрыг холин хийж сайн сэгсрээд хуучин будаг буюу лак дээр түрхэх хэрэгтэй. Ингэвэл хэдэн минутын дараа хуучин лак нь арилна.
Модон эдлэлийг цэвэрлэж өнгөлөхдөө дараах аргыг хэрэглээрэй. Ширээ сандал, шүүгээ зэрэг модон эдлэлээ халуун бүлээн усаар угаагаад зөөлөн алчуураар хуурай болтол нь арчина. Дараа нь ижил хэмжээний воск ба скипидараар найруулсан түрхэх тосыг бүлээсгээд даавуу алчуурт түрхэж арчина.
Мөн мебель эдлэлийг өнгөлөхөд дараах найрлагатай холимгийг хэрэглэж болно. Үүнд жингээр: Зөгийн воск 15гр, скипидар 50гр, олифа 200гр, парафин 19гр, нунтаг саванг 5гр, ус 50гр.
Гэрийн тавилгыг маажиндаагүй ба будаагүй хэсгийг жилд 1-2 удаа фторт буюу цахиурт фторт натрийн уусмалаар (хувин халуун усанд 200-250гр) норгосон алчуураар арчвал зохино.
Уусмалыг сайн хутгаад, хөргөсний дараа хэрэглэнэ. Түүнчлэн 100% давирхайн шүүс, 5% лав, 5% лааны тос, 3% керолины уусмалыг түрхэх хэрэгтэй.
Мэрэгч цох хуурай модыг мэрдэг. Хорлогчийг хэдий чинээ эрт илрүүлнэ, түүнтэй хийх тэмцэл төдий чинээ амжилттай болно. Ийм учраас жилд хоёроос доошгүй удаа гэрийн тавилгыг ялангуяа доод талаас нь үзэх хэрэгтэй.
Мэргэч цох бий болохоос урьдчилан сэргийлэхийн тулд байрандаа модны хог, новш цуглуулахгүй байхад анхаарч байрандаа үе үе салхи оруулж байх хэрэгтэй.
Гэрийн тавилга дээрх цохны үүрний нүхийг химийн бодисоор цэвэрлэхгүйгээр тавилгыг байрандаа оруулж болохгүй.
Мэрэгчийн авгалдайд хэт идэгдсэн үнэ багатай модон эдлэлийг даруй шатаах шаардлагатай.
Цохонд идэгдсэн тавилгыг ариутгах, авгалдайг устгахад доор дурдсан бодисын аль нэгийн хэрэглэдэг. Үүнд 3% давирхайн шүүс, 1%-ийн керосиний холимог, бензинд уусгасан нафталины ханасан уусмал, шингэн вазелин зэрэг болно.
Шингэн вазелин нь үнэргүй учир идэшний бүтээгдэхүүн хадгалахад зориулсан эдлэлийг ариутгахад хамгийн тохиромжтой.
Хэрэв тавилга дахь үүрний нүх харьцангуй цөөн (тавиас илүүгүй) байвал хорыг шприц, машины тослуур буюу дусаагуураар нүхэнд шахна.
Нүхний тоо маш олон байгаа тохиолдолд шингэнд дүрсэн багсаар гэрийн тавилгын бүх гадаргууг хэд хэдэн удаа нямбай багсдах хэрэгтэй. Ялангуяа эмэгчин цох ихэвчлэн өндөглөдөг завсар заадас, холбоос хэсгүүдэд шингэнийг сайн түрхвэл зохино.
Шингэн нүхний амсрыг хальтал хийж ууршуулахгүйн тулд бүх нүхийг лав, шаваас, лааны тос буюу талхны доторх зөөлнөөр бөглөнө. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг жилийн туршид хийж болох боловч зургадугаар сараас нэгдүгээр сарыг дуусталх хугацаа нь хамгийн тохиромжтой юм.
Мэрэгчдэд идэгдсэн тавилгыг гурван долоо хоногийн завсарлагаатайгаар 2-3 удаа давтан ариутгана.
Модны цох ба цох хорхой нь мебелийг сүйтгэдэг учир үүнийг илрүүлсэн дороо гэрийн нөхцөлд дээрх мөн адил уусмалаар устгана.
Давирхайн шүүсний 4 хэсэгт 1 хэсэг керосин, бага хэмжээний нафталин, хайлсан лав зэргийг хольж найруулан хорхой байгаа газарт бийр буюу даавуугаар хэд хэд дахин түрхэнэ.
Уусмалыг бийр даавуу зэргээр түрхэж бага зэрэг хатаагаад хуурай даавуугаар арчина. Мэрэгч цох нь модон тавилгг сүйтгэх төдийгүй бүхэл байшинг ч өмх болгоно.
Шал буюу модон хананд жижигхэн дугуй нүх гарч түүний доод талд жижиг бөөн хар тоос байвал энэ нь байранд мэрэгч цох бий болсны лавтай шинж юм. Цох нь байшингийн бүдүүн дүнзэнд байрласан бол идэгдсэн хэсгийг ариутгахад үнэр ихтэй бодис ашиглах хэрэгтэй.
Зохиогч Д.Нямдаваагийн
“Байхгүй Юмгүй Ном”-оос
0 Comment:
Post a Comment